MDRC

Эрик С.Райнерт: “Баян орнууд хэрхэн баялаг бүтээсэн бэ? Буурай орнууд яагаад ядуу хэвээр үлддэг вэ?”

ЭРИК С.РАЙНЕРТЫН “БАЯН ОРНУУД ХЭРХЭН БАЯЛАГ БҮТЭЭСЭН БЭ? БУУРАЙ ОРНУУД ЯАГААД ЯДУУ ХЭВЭЭР ҮЛДДЭГ ВЭ?” НОМЫН ӨМНӨХ ҮГ

Манай гариг дээрх баян хоосны ялгаа ихэнх аргачлалаар бодоод үзэхэд өмнөхөөс улам бүр өсөж, өргөжин тэлсээр байна. 1970 онд эхэлсэн “хөгжлийн арван жил”-ийн 3 арван жилд явагдсан эдийн засгийн асар их шилжилтийн үеийн дараа ч, “хөгжлийн тусламж”-ийн нэрээр зарцуулсан олон их наяд долларын дараа ч байдал бүрхэг хэвээр бөгөөд олон газар бүр ч дордох янзтай байна. Дэлхийн хүн амын тал хувь нь өдөрт 2 ам. доллар хүрэхтэй хүрэхгүй мөнгөөр гол зогоож буй бөгөөд нэлээдгүй оронд бодит цалин 1970-аад оны үед л дээд цэгтээ хүрсэн, тэр хэвээрээ л байгаа ажээ. Бүр 1750 онд баян хооны ялгаа 2:1 байсан бөгөөд тэр үеэс хойш байдал улам бүр дорджээ.

Энэхүү номын зорилго дэлхийн аль ч хэсэгт амьдарч буй “үнэнхүү сонирхсон хүн”-д ойлгогдохоор ийм байдалд хүргэсэн механизмыг тайлбарлахад оршино. Өнөө ноёрхож буй эдийн засгийн сэтгэлгээг сурталчлан таниулах гэсэн зорилго огт өвөрлөөгүй гэдгийг хэлье. Харин ч эсрэгээр эдийн засагчдад хүртээмжтэй ганцхан лаборатори болох эдийн засгийн сэтгэлгээний түүхээр зэвсэглэн өнөөгийн бодлогын ортодоксыг няцаах, олон жилээр тасралтгүй явж ирсэн эдийн засгийн уламжлалт сэтгэлгээг сэргээх үйл явцад хувь нэмрээ оруулах оролдлого юм аа.

Ядуурлын улмаас жир хүнд тусах дарамт асар их билээ. Нялхас хүүхдийн эндэгдэл, халдварт өвчин, дундаж наслалт буурах зэрэг хүчин зүйлээс болж хүний амьдрах хугацаа хичнээн ихээр алдагдаж байгааг тооцох аргагүй. Иргэний дайн, хомсхон нөөц баялгийн төлөөх мөргөлдөөн хичнээн их зовлон гамшиг авчирч байгааг хөгжилтэй орнууд тэр бүр ойлгохгүй. Үүн дээр байгаль орчны доройтол ядуучуудад хэрхэн сөргөөр нөлөөлж буйг нэмж хэлэх нь зүйтэй. Ядуу нийгэмд иймэрхүү “чөтгөрийн цагираг” хялбархан үүсэж бий болдог. Яагаад гэвэл ядуу орнууд өсөн үржиж байгаа хүн амынхаа хэрэгцээг хангахын тулд байгалийн баялгийн ашиглалтаа эрчимжүүлэхээс өөр замгүй.

1989 онд Берлины хана нурсны дараа манай дэлхий ертөнцийн эдийн засгийн дэг журам нь өмнө хэзээ ч байгаагүйгээр бодит амьдралтай тэс хөндлөн тийм эдийн засгийн онолын үндэс дээр суурилаад буйг хэлэх нь зүйтэй. Дэлхийн чөлөөт худалдааны дэг журам нь баян, ядуу орны цалингийн зөрөөг арилгаж жигдрүүлнэ гэж итгэдэг. Хэрвээ хүн төрөлхтөн зах зээлийн “бодит хүч”-тэй сөргөлдөхгүй, өөрөөр хэлбэл Laisser-faire буюу зах зээлийн жамыг дагах аваас хөгжил дэвшил, эдийн засгийн тэнцвэр аяндаа бий болно гэжээ. 1930-аад оны хямралын шалтгааныг дүгнэн шинжсэн английн эдийн засагч Жон Мэйнард Кейнс /1883-1946/ 1926 онд “Laisser-faire –ийн эрин үеийн төгсгөл” хэмээх номоо бичсэн. Гэвч 1989 онд Берлины хана нуран унаснаар дэлхийн эдийн засаг одоо л нэг сонгодог зах зээлийн онолд нийцэх болно гэсэн бүх нийтийн хүлээлт /messianic euphoria/ бий болсон юм. Дэлхийн Худалдааны Байгууллагын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Ренато Ружжеро “улс орнууд болон бүс нутгуудын хоорондын харилцааг тэнцвэржүүлэхийн тулд хил хязгааргүй эдийн засгийн нөөц чадавхи”-ийг үзүүлэх цаг нь болсон гэж зарлав. Энэхүү үзэл суртал Олон улсын валютын сан болон Дэлхийн банкын бодлогын цөм болсон бөгөөд эдгээр Вашингтоны бүтцүүд 1990-ээд оны эхнээс эхлэн ихэнх ядуу орны эдийн засгийн өөрчлөлтийг гартаа авсан билээ. Дэлхийн ихэнх орны хувьд энэхүү бодлого туйлын өрөвдөлтэй үр дүнд хүргэв.

Өнөөдрийн гуравдагч ертөнцийн орнуудын бодит байдал Ружерро болон Вашингтоны бүтцүүдийн мөрөөдөж байснаас өдөр шөнө шиг ялгаатай байгаа.  Дэлхийн шинэ дэг журмыг номлогчдын харж тааварлаж байсан эе эвтэй нийгмийн оронд өнөөдөр бид өлсгөлөн, дайн болон өдрөөс өдөрт доройтож буй байгаль орчны асуудалтай тулгарч байна. Өнөөдөр бид тэдний гашуун бодит байдлыг анхааралдаа аажим аажмаар авахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Америкийн философич, гадаад бодлогын шинжээч, либераль ардчиллыг номлогч Фрэнсис Фукуяма 1992 онд өөрийн “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” номондоо хүйтэн дайны төгсгөлийг “түүхийн төгсгөл” хэмээн шагшин дуулсан билээ.

Энэ номондоо би эдийн засгийн тухай хос буюу зэрэгцүүлсэн ойлголтыг авч үзнэ. Нео-либераль чиглэлийн эдийн засагчид тодорхой нэгэн эдийн засгийн бүтцийг бүтээн байгуулах нь урт удаан хугацааны үйл явцын үр дүн гэж үзэхийн оронд зах зээлийн оролцоог эс тооцвол анхдагч нөхцөл нь  эдийн засгийн өсөлт болон нийгмийн халамж гэж үздэг.

Дэлхий ертөнц өмнө нь ч эдийн засгийн тэнцвэрт байдлынтухай онолууд болон бодит эдийн засгийн байдал хоорондын ялгаа зөрүүг тод томруун илэрхийлсэн үеийг туулж байсан, тэр туршлагаас бидэнд суралцах юм их бий. Бид эдийн засгийн тэнцвэрямар нэг бурхны ч юм уу, эсвэл математикийн аргаар урьдчилан тооцсон зүйл гэсэн онолоос ангижирч эдийн засгийн тэнцвэр нь ухамсартай бодлогын үр дүн мөн гэсэн онолыг мөрдөх нь зүйтэй. Үүний тулд бид Европын Соён Гэгээрлийн үеийнагуу төлөөлөгчдийн нэг Францын философич Вольтерын уран бүтээлийн жишээг иш татах болно.

Вольтер 1759 оны 1 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд өөрийн шинэ бүтээл “Кандид” /Өөдрөг үзэл ч гэдэг/ -ын эх хувийг Парис, Амстердам, Лондон болон Брюссель рүү илгээхээр уйгагүй оролдож байв. Тэдгээр Европын номын худалдааны гол төвүүдэд номын эхийг хүлээж авмагц тогтсон нэг өдөр зэрэг хэвлэж Өрнөд Европоор түгээх ёстой байв. Энэ нь тухайн үедээ бас нэг маркетингийн шинэчлэл байлаа. Ийнхүү нууцлан хэвлэх хоёр ч шалтгаан байв. Нэгд, Вольтер өөрийн номын эхийг бусдад алдаж, ашгаа тэдэнд булаалгахгүйн тулд аль болох олон хувийг амжиж борлуулахыг хичээж байв. Хоёрт, тэрээр эрх баригчид түүний шинэ үзэл санааны аюулыг ухамсарлаж, хяхан хавчихын өмнө аль болох өргөн олон уншигчдад хувьсгалч илгээлтээ хүргэхийг эрмэлзэж байлаа. Европын орнуудад цагдаа нар “Кандид”номын хувийг хурааж, шинээр хэвлэж буй хэвлэлийн газрыг хааж байв. Ватикан тэр ч бүү хэл Вольтерын номыг хориотой номынхоо жагсаалтад оруулжээ. Гэвч энэ бүгдийг үл хайхран энэхүү жижиг ном XYIII зууны хэвлэлийн сенсаац болсон төдийгүй тухайн үеийн улс төр, шашны дарангуйллын хамтарсан даланг сэтэлсэн оюун санааны цунами  болж чадсан юм.

Вольтерын ном нь өөрийн багш мэргэн профессор Панглоссын зааснаар “байж болох л дэлхий ертөнцөөс хамгийн сайн” нь болох дэлхий ертөнцийг үзэхээр орон гэрээ тийм ч дуртай биш орхин явж байгаа Кандид хэмээх залуугийн түүхийг өгүүлнэ.  Вольтер гаднын хүч, тухайлбал гэгээрэл, шүтлэг, эсвэл бурхад, зах зээл зэрэг нь  өөрчлөлт болон шинэчлэлийг авчирч чаддаг гэсэн хэт өөдрөг үзлийг  энэхүү номоор няцаажээ. Кандидын учирсан ертөнц бол эсрэгээрээ ядуурал, дээрэм тонуул, шашны мөрдлөг, газар хөдлөлт болон усан онгоцны сүйрэл, үхэл зовлонгоор дүүрэн ертөнц байлаа. Кандид мөн өөрийн сүйт бүсгүй Күнегондийг цэргүүд булаан авч “дураар хэд ч хамаагүй хүчиндсэн”-ий дараа боол болгон худалдсан тийм л ертөнцтэй тулгарчээ. Панглосс багш нь энэ бүхнийг үл тоомсорлон энэ бол “байж болох хамгийн сайн ертөнц” хэмээн номлосоор байв. Залуу Кандид “Хэрвээ энэ байж болох хамгийн сайн нь юм бол бусад ертөнц нь ямар байх бол оо?” гэж өөрийн эрхгүй асуухад хүрч байв.

Вольтер Кандид номоороо дамжуулан профессор Панглоссын сэтгэл мэдрэлийн боолчлолд нэрвэгдсэн Европыг түүнээс чөлөөлөхөөр зориг шулууджээ. Эдийн засгийн ортодоксыг номлогчдын олонхи нь өнөөдөр түүнтэй ижил, аюултай хэт өөдрөг үзэлд мансуурсан бөгөөд тэднийг тэр мансуурлаас чөлөөлөх шаардлагатай болоод байна. Өнөөдрийн Панглоссын эдийн засгийн онол нь одон орон эсвэл физикийн ухааны тогтож хэвшсэн ойлголт, метафорт суурилсан дээрээс доош тогтолцоотой. Энэхүү онол нь ноёрхож буй онолын загварт тохируулан захиалгаар хийсэн тийм л эе эвтэй тэнцвэртэй дэлхий ертөнцийг дүрслэн үзүүлдэг. Бидний санал болгож буй альтернатив онол нь тэр болгон эдийн засгийн хөгжилд таатай бус тийм бодит байдалд суурилсан доороос дээш тогтолцоотой. Хөгжлийг бид хөгжил цэцэглэлд хүрэхэд “саад болоод буй бэрхшээл”ийг зайлуулах мэтээр бус харин хөгжил бол хэзээ ч тэр ухамсартай бөгөөд сайтар бодож боловсруулсан бодлогын үр дүн  юм аа гэж ойлгох нь зүйтэй.

Панглоссын логикийн нэг үндэс бол юу ч болж байсан тэр нь цаанаасаа учир шалтгаантай, яах ч аргагүй гэсэн үзэл бөгөөд энэ нь оюун ухаан болон нийтлэг сэтгэлгээтэй эрс тэс зөрчилдөж байгаа юм. Тухайлбал, Вашингтоны бүтцүүд гуравдагч ертөнцийн орнуудаас ажилгүйдэлд нэрвэгдсэн яах ч аргагүй болсон ядуучууд үй олноор дайжин гарч буйг “шилдэг шийдэл” буюу тэдний эх нутагтаа үлдсэн төрөл төрөгсөддөө гуйвуулж буй мөнгө нь тухайн ядуу орны төлбөрийн тэнцэлд эерэг нөлөөтэй гэж үздэг байна. Өдөр тутам олон мянган дүрвэгсэд хүн ам хэт шигүү газар орноос дайжин гарч хэт баян нутаг оронд очих гэж амиа эрсдэлд оруулсан оролдлого хийдэг. Азтай зарим нь шинээр очсон орондоо мөлжлөг, дайсагнал дунд амьдарч үлдэж хоцорсон төрөл төрөгсөдөө үгээгүй ядуурлаас аврахыг хичээдэг.

Иймэрхүү сэтгэлгээний бас нэг сул тал бол “бүх л байж болох ертөнцөөс хамгийн сайн”-ыг нь бүтээж буй тэр загварын үндсэн зарчмуудыг хэн ч хэзээ ч эргэлзэж асуудаггүйд оршино. Хүлээгдэж буй үр дүнг үгүйсгэсэн аливаа нэг эргэлзээ ажиглалтыг огт хүлээн зөвшөөрөхгүйгээр бодит байдлыг  гуйвуулдаг байна. Хэрэв үр дүн нь өнөөдрийнх шиг тэс өөрөөр гарах юм бол шалтгааныг нь үндсэн загварынхаа гадуур хайдаг.  Ядуурлын шалтгааныг ортодокс эдийн засаг бус харин арьс өнгө, соёл эсвэл газар зүй зэрэг өөр газраас хайдаг.  Панглоссын эдийн засгийн загварыг өө сэвгүй гэж үздэг тул түүний үр дүнд хүрээгүй шалтгааныг эдийн засгаас гадуур хүчин зүйлээс болсон гэж тайлбарладаг.    

Тухайн үед Вольтерын илгээлтийг ноёрхогч засаглал бүх л аргаар хяхан хавчиж байсан нь тэд дэлхий ертөнц өө сэвгүй биш харин зүгээр хараад суух ёсгүй түүнийг сайжруулахын тулд идэвхтэй ажиллах ёстой гэдэгт учир нь байсан гэж хэлж болно. Иргэний нийгмийг байгуулах, ялангуяа “хөгжил дэвшил”-д хүрэхийн төлөө тэмүүлэх нь асар их хүчин чармайлт, байнгын сонор сэрэмжийг шаарддаг. Гэгээрлийн эриний шинэчлэлүүд, түүнчлэн Европоор нэг соёолсон худалдаа арилжааны нийгэмлэгүүд нь “Кандид” номын үзэл санаанд өртэй. Орон зайн уудам болон эволюци олон шинж төрөл болохыгухааруулж буй XXI зуунд дэлхий ертөнц тийм ч их өө сэвгүй биш болох тухай Вольтерын гүнзгий мэдрэмж нь өнөөдөр улам ч ач холбогдолтой.

Гэвч өнөөдрийн эдийн засагчид, улс төрчид хэрвээ бид laisser-fair зарчмыг мөрдөж, хувь хүний инстинктийг тэр хэвээр орхин, ямарваа нэг хөндлөнгийн оролцоогүй хоорондоо чөлөөтэй харилцахыг зөвшөөрөх аваас дэлхий ертөнц өө сэвгүй байх болно хэмээн үхширмэл номлогчийн нэр сүрээр далайлган амлах болов. Зарим нь бидэнд хуулийн системийг оролцуулан нийгмийн үндсэн бүтцүүдийг хувьчилж, “зах зээлийн” алсыг харсан өө сэвгүй эрхшээлд  нийгмээ оруулах нь зүйтэй гэх болов. Ийм нөхцөлд өө сэвгүй хэмээгдэх зах зээл биднийг хувьчлагдсан шүүх цаазын элдэв гай зовлонгоос хамгаалах ажээ. 

Гэвч тэнцвэрт байдал бол нийгмийн язгуур шинж бишээ. Гариг огторгуйн хууль гэж байдаг бол заавал ч үгүй тэдгээр нь нийгэмд ээлтэй бөгөөд тэдгээр хуулийг сохроор дагаснаар тэнцвэрт байдал аяндаа бий болохгүй.

Вольтер “Кандид” номоо бичсэний дараа өөрийн дайралтаа эдийн засагчид буюу эдийн засгийн сэтгэлгээний түүхэнд физиократууд /ардчиллын доор “хуулийг дээдлэх ёс”-ыг ойлгодог шиг тэднийхээр “байгалийг дээдлэх ёс”/ гэж нэрлэгддэг бүлгийн эсрэг чиглүүлсэн билээ. Өнөөдрийн гол цөм болсон эдийн засагчид физиократуудбуюу улс үндэстний баялаг газар тариалангийн үйлдвэрлэлээс эх үүсвэртэй гэж үздэг сэтгэгчдийг өөрсдийн өвөг дээдэс гэж бахархалтайгаар үздэг.

Түүхийн хувьд авч үзвэл физиократууд эдийн засгийн түүхэнд тийм ч удаан давамгайлж чадаагүй бөгөөд Францын жишээн дээр тэдний бодлого хүнсний хомсдол болон ядууралд хүргэсэн. Тухайн үеийн Европын голлох сэтгэгчид, Францын Вольтер болон Дидро-гоос Италийн Аббэ Галиани, мөн шотланд ДэвидҮмэ нар бүгд физиократуудыг эрс эсэргүүцэгчид байлаа.  Физиократуудын төрөлх нутаг Францад ч гэсэн тухайн үеийн эдийн засгийн онолын нөлөө бүхий сайтар уншигддаг номнууд нь физиократуудыг няцаасан ном байв.  Физиократууд Англид нөлөөгөө тархааж чадаагүй. Вольтерын физиократуудтай хийсэн тэмцлээс бидний сурах зүйл бол ижил төстэй нөхцөлд яг адил үр дүнд хүргэж буй тэрхүү ижил төстэй онолынх нь талаас сургамж авах явдал болно. Өнөөдөр, жишээлбэл, “Хүнс хоолтой байх эрх” хэмээххөдөлгөөнийхөн зарим үед хүний өл хоолтой байх эрх болон чөлөөт худалдааны зарчим хоёрын хооронд зөрчил байж болохыг хүлээн зөвшөөрдөг. Францын физиократ онолыг эсэргүүцэгч Simon Linguet Францын хувьсгалын өмнөх жилүүд болох 1774 онд яг тиймэрхүү байр суурийг дэвшүүлж байжээ. Хэдийгээр физиократын эсрэг талынхан тухайн үед бодит практик дээр ялалт байгуулсан боловч тэдний ялалтыг өнөөдрийн экономиксын сурах бичигт тусгаагүй байдаг. Экономиксын түүх нь бодит эдийн засгийн бодлого хэрхэн амьдралд хэрэгжсэн гэдгээс зай барьсан байх төдийгүй Вольтерын салбар болох философи хэмээх ойр хөрш салбараас ч өөрийгөө тусгаарласан байх нь олонтаа.

         Энэхүү ном нь эдийн засгийн сэтгэлгээний олон сургуулийг тайлбарлах бөгөөд одоогийн зонхилох онол дэлхий даяар дангаар давамгайлж буй байдлыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг талаар маргах болно. Английн эдийн засагч Дэвид Рикардо-гийн худалдааны онол нь 1817 оноос эх авах бөгөөд бидний өнөөдрийн дэлхийн эдийн засгийн дэг журмын үндэс  болсон юм. Хэдийгээр чөлөөт худалдаа нь зарим нөхцөлд хүн ардыг улам бүр ядууруулж байгаа боловч Өрнөдийн засгийн газрууд чөлөөт худалдааг хүчээр шахаж, түүнийг хүлээн авсны шагнал урамшуулал болгож улам их тусламж үзүүлэх болов. Өөрөөр хэлбэл, улам их тусламж үзүүлэх гэсэн хэсгийн сайн сэтгэл нь жихэнэ бодит байдал дээр хэрэгжиж буй одоогийн эдийн засгийн ортодоксын гажуудлыг халхалж байна. Ийм байдлаар глобал чөлөөт худалдааны номлол ноёрхож, идеализм болон өгөөмөр сэтгэл хийсвэр, заримдаа бүр гэмт хэрэгжсэн, авилгажсан бодит байдлыг халхлан хамгаалж байна.

Нэгдүгээр бүлэгт эдийн засгийн онолын олон сургуулийн ялгааг тайлбарлах бөгөөд эдийн засгийн бодлогын хувьд “онолын хийсвэрлэл” болон бодит практик байдалд байнга ажиглагддаг ялгаа зөрөөг ч авч үзэх болно.

Хоёрдугаар бүлэгт физиократуудаас эхлэн Адам Смит, Дэвид Рикардо нараар дамжин өнөөдрийн стандарт экономиксийн сурах бичгүүд хүртэл буухиалж ирсэн эдийн засагчдын тогтсон дэс дарааллыг авч үзэх болно. Энэххүү хэвшмэл уламжлалтай түүнээс илүү эртний, илүү практик эдийн засгийн “альтернатив уламжлал”-ыг  харьцуулж үзнэ. Тэрхүү “альтернатив уламжлал” нь өнөөдрийн баян орнуудыг ядуурлаас баялагт хүрэх түүхэн шилжилтийг хийхэд эдийн засгийн бодлогыг нь замчилж өгсөн юм аа.

  Гуравдугаар бүлэгт хөгжлийг амжилтад хүргэх хөдөлгөгч хүч нь “харьцангуй давуу тал” эсвэл “чөлөөт худалдаа” бус харин Европын соён гэгээрлийн үеийн эдийн засагчдын тодорхойлж байснаар “даган дууриалт” /emulation/ үйлдэл гэдгийг би дэвшүүлж тавьсан юм. Хэрвээ голын нөгөө талд чинь буй овог аймаг чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үед дэвшээд явчихвал танай овог аймаг нэг бол чулуун зэвсгийн үедээ үлдэн харьцангуй давуу талаа шүтнэ, эсвэл голын цаадах овгоо даган дууриаж хүрэл зэвсгийн үед дэвшихийг хичээх гэсэн хоёр л сонголттой үлдэнэ.

Дөрөвдүгээр бүлэгт хэдийгээр чөлөөт худалдааг зөвтгөсөн олон сайхан нотолгоо байдаг боловч Дэвид Рикардогийн онол бол тэдний нэг биш гэдгийг би тайлбарлахыг хичээв. Үйлдвэрлэлийн эдийн засгийг гүнзгий судлах тутам глобальчлалын төлөө хамгийн сайн нотолгоонууд нь нэгэн зэрэг ядуу орнуудыг хэт эрт дэлхийн эдийн засагт хэт яаран орохоос сэрэмжлүүлсэн нотолгоонууд болох нь харагдаж байна.

Тавдугаар бүлэгт өнөөдөр ихэнх ядуу орнуудад хөгжил дэвшил биш харин түүний эсрэг ухралт, буцалт доройтолтзонхилж байгааг ажиглаж болно. Ийнхүү ухралт буцалтыг бий болгож буй механизмыг Монгол, Руанда, Перугийн жишээн дээр авч үзсэн болно. Зургадугаар бүлэгт ноёрхож буй эдийн засгийн онолын талынхан ядуурлын сорилтуудыг хэрхэн тайлбарлаж байгааг авч үзнэ.

Долоодугаар бүлэгт хөгжлийн түүхэн явцыг судлах нь хэдийгээр зөв зүйтэй боловч бодит хэрэг дээр маш их хор хохиролтой бодлогыг явуулахаас урьдчилан сэргийлж чадна гэдгийг нотлохыг хичээв. Ядуу орнуудад чөлөөт худалдааг хүчээр тулгахын зэрэгцээ баян орнууд гуравдагч ертөнцийн орнуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг аль болох хязгаарлаж, оронд нь өөрсдийн хөдөө аж ахуйг асар ихээр дэмжин тэтгэж ирсэн.

ДХБ-ын өнөөдрийн байр суурь бол Умардын баян орнууд хөдөө аж ахуйгаа хамгаалж буй учраас Өмнөдийн ядуу орнууд ядуу хэвээр байна хэмээн үздэг. Өлсөж туйлдаж буй Өмнөдийн орнуудад Умардын орнууд руу хүнсээ худалдах эрхийг нээж өглөө гээд тэд гэнэтхэн баяжиж чадахгүй гэдгийг би харуулахыг хичээсэн юм. Бид хүнсний хэрэглээгээ багасгалаа гээд гуравдагч ертөнцөд илүү хүнс бий болгож чадахгүйтэй адилхан баян орнуудын хөдөө аж ахуйг хаагаад бид гуравдагч ертөнцөд хөгжил дэвшлийг бий болгож чадахгүй.

Төгсгөлийн наймдугаар бүлэгт бүх хүн ам нь амьдралын зайлшгүй хэрэглээ болон наад захын тансаг зүйлийг хэрэглэх зорилго, эрхтэй байх дундаж орлоготой орнуудыг хэрхэн бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулах болно.

Энэхүү номыг гурван төрлийн уншигчдыг бодож бичсэн юм. Юуны өмнө миний мэргэжил нэгт эдийн засагчид болно. Номны маань онолын гол зорилго бол өнөөдрийн олон улсын худалдааны стандарт онол нь зохицохгүй байна, хөгжлийн янз бүрийн түвшинд байгаа улс үндэстэнд түүнийг шахан тулгаснаар эсрэг ухралт доройтолд түлхэх үр дагавар өгч байгааг ухааруулах гэсэн юм.

Хоёрт, миний зорилго бол уншигчид маань заавал ч үгүй эдийн засгийн  боловсролтой байх албагүй бөгөөд тэд номыг минь уншиж дуусах мөчид номын гол утгыг ухаарсан байхыг л хүсэж байна. Экономиксын нарийн хэцүү хэлээр нуун дарах гэж буй нэг хөдөлшгүй үнэнийг би нотлохыг хүссэн юм.  Тэр үнэн нь баян орнууд яагаад баян болсон бэ гэвэл тэдний төр болон элитүүд нь олон арван жил тэрч бүү хэл олон зууны туршид хамгийн ирээдүйтэй аж үйлдвэр болон үйлчилгээний салбаруудаа бий болгож, мөнгө хөрөнгөөр тэтгэж, хамгаалж ирснээр баян болсон юм гэсэн хөдөлшгүй баримт болно.

Энэ хоёр төрлийн уншигчиддаа баян болон ядуу орнуудын гол ялгаа нь юунд оршдогийг ойлгуулж авахыг хүссэн юм. Баян орнууд нь бүгд чөлөөт худалдаа үгүй тийм үе шатыг туулан өнгөрүүлсэн бөгөөд түүнийг амжилттай өнгөрөөсний дараа л чөлөөт худалдааг эрхэмлэх болсон юм.Өнөөгийн хөгжилтэй орнуудын түүхэн дэх энэхүү зайлшгүй туулж өнгөрүүлсэн үе шатыг өнөөдөр хориглосноор ядуу орнуудад баян орнуудын эдийн засгийн бүтцийг “даган дууриах” боломжийг нь хааж байна гэсэн үг.

Эцэст нь миний гуравдахь төрлийн уншигчид буюу ядуу орнуудад амьдарч буй уншигчдадаа хандаж хэлэх үг бий. Миний номыг уншсанаар та бүхэн баялаг болон ядуурлыг бий болгодог механизмыг ялган салган ойлгож, өөрийн орнуудад буй эрс тэс ядуурлаас хэрхэн ангижрах талаар харилцан мэтгэлцэх тийм онолын орчинг бий болгоосой гэж хүсэж байна.

Норвегийн эдийн засагч ЭРИК С. РАЙНЕРТ

Contact us

MDRC - Mongolian Development Research Center

  • Hot line: (976-11) 315686

Connect with us

We're on Social Networks. Follow us & get in touch.