MDRC

БНСУ-ын төлөөлөгчид МХСДТ-д зочлов

БНСУ-ын томоохон судалгааны төв болох Гёонги судалгааны хүрээлэн /Gyeonggi Research Institute/ -ийн захирал доктор Лим Хае Кю /Lim Hae Kyu/ тэргүүтэй тус хүрээлэнгийн төлөөлөгчид 2017 оны 7 дугаар сарын 14-ны өдөр МХСДТ-д зочилж, тус төвийн Удирдах Зөвлөлийн дарга Ц. Батбаяр, УЗ-ийн гишүүд Б. Батхишиг, Ц. Адьяасүрэн нартай ажлын уулзалт хийж, хоёр төв хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд, цааашдын төлөвийн талаар санал солилцов. Солонгосын талаас Хүрээлэнгийн захирлаас гадна Хүрээлэнгийн гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ли Дук Хван, ахлах судлаач Чо Ён Мо, ахлах судлаач Чой Ён Хван нар оролцов. Монголын талаас МХСДТ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн Элчин сайд, доктор Б. Батхишиг, УЗ-ийн гишүүн, Байгаль орчны сайд асан доктор Ц. Адьяасүрэн нар тус тус оролцов.

МХСДТ нь өнгөрсөн 2016 оны 12 дугаар сард БНСУ-ын Гёонги судалгааны Хүрээлэнтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан билээ. МХСДТ-ийн гүйцэтгэх захирал Д. Амар БНСУ-д болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож тэр үеэр Гёонги судалгааны хүрээлэнгийн захиралтай танилцах уулзалт хийж, тус Хүрээлэнтэй МХСДТ-ийн хамтран ажиллах эхийг тавьсан юм. Тус Санамж бичгийн дагуу ГСХ болон МХСДТ нь хамтран эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалт зохион байгуулах, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, харилцан судлаачдаа солилцох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар эрмэлзлээ тус тус илэрхийлсэн байна.

ГСХ нь БНСУ-ын Гёонги мужийн иж бүрэн бодлогыг боловсруулах үүрэгтэй судалгааны Хүрээлэн хэлбэрээр 1995 онд анх байгуулагджээ. Гёонги муж нь 12 сая хүн амтай, 305 тэрбум ам долларын ДНБ үйлдвэрлэдэг БНСУ-ын томоохон аж үйлдвэрийн мужийн нэг ажээ. ГСХ нь нийт 151 судлаачтайгаас PhD докторын зэрэгтэй ахлах судлаач 56 хүн ажилладаг байна. Нийгмийн судалгаа нь гол төлөв нийгмийн бодлого, орон нутгийн засгийн газрын бие даасан байдлыг хангах, төрийн бүтцүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх зэрэг олон чиглэлээр явагддаг байна. Түүнчлэн хот төлөвлөлт, аялал жуулчлал, байгаль орчин, тээврийн дэд бүтцийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр бодлогын судалгаа хийж, мужийн Засгийн газрын үйл ажиллагаанд зөвлөмж зөвлөгөө гаргадаг байна.

Contact us

MDRC - Mongolian Development Research Center

  • Hot line: (976-11) 315686

Connect with us

We're on Social Networks. Follow us & get in touch.