MDRC

Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяртай хийсэн “Зууны мэдээ” сонины ярилцлага

-Танд саяхан жуух бичгээ барьсанд баяр хүргэе. Америк тивээс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны орон нь Куба улс байдаг. Энэ жил хоѐр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд ямар арга хэмжээнүүд зохиогдож байна вэ?

Юуны өмнө миний бие энэ 9 дүгээр сарын 24-ний өдөр Куба Улсын Төрийн Зөвлөлийн орлогч дарга хатагтай Гладис Мариа Бехерано Портелад Монгол Улсаас БН Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын Итгэмжлэх жуух бичигээ өргөн барилаа. Тэр үеэр Кубын Ерөнхийлөгч Раул Кастро Рус-т Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжилсан.

2015 он Монгол Улс, Куба Улс манай хоѐр улсын харилцаанд онцгой нэгэн жил болж байна. Бид хоѐр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэсэн он болов. Монгол Улсын Гадаад хэргийн сайд ноѐн Л. Пүрэвсүрэн энэхүү түүхт ойг тохиолдуулан найрсаг Куба оронд энэ оны 7 дугаар сард албан ѐсны айлчлал хийж, хоѐр орны уламжлалт найрсаг харилцаанд томоохон түлхэц үзүүллээ.

Куба Улс нь тус бүс нутгаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс бөгөөд БН Куба Улс 50 гаруй жилийн турш Монгол Улсыг Латин Америк, Карибын орнуудтай холбох гол гарц, гүүр болж ирснийг нэхэн санахад таатай байна. Өнөөдөр ч Куба Улс бидний Латин Америк, Кариб дахь гол түнш, найдвартай анд хэвээр байна.

Манай хоѐр орны харилцаа олон улсын тавцанд, тэр дотроо НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, 77-ийн бүлэг зэрэгт бие биеэ үргэлж дэмжиж ирсэн. Бид НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл зэрэг олон чухал байгууллагын сонгуульд байнга бие биеэ харилцан дэмжиж ирснийг хэлэхэд таатай байна.

-Өнөөгийн байдлаар хамгийн идэвхтэй харилцаатай байгаа салбар гэвэл та алийг нь онцлох бол?

Хосе Мартийн хөшөөнд цэцэг өргөж байгаа нь

Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, биеийн тамир спорт болон аялал жуулчлалын салбар манай хоѐр орны харилцаанд түлхүү байр эзэлдэг. Элчин сайдын хувьд миний бие ардын дипломати болон соѐлын солилцоо мөн манай хоѐр талын харилцааны чухал нэгэн хэсэг гэж итгэж байна. Иймд цаашид Монгол, Куба хоѐр орон, Улаанбаатар, Гавана хоѐр нийслэл хотын хооронд соѐл урлагийн солилцоог идэвхжүүлснээр хоѐр ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг улам бүр гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллах болно.

-Хоѐр улсын худалдааны эргэлт бусад улсыг бодвол хангалттай төвшинд байдаггүй. Мэдээж газар орны алслагдмал байдал, хууль эрхзүйн орчин зэрэг нь нөлөөлдөг байхдаа. Гэхдээ хоѐр улс худалдааны эргэлтээ сайжруулах ямар боломж байна вэ?

Куба Улсын Худалдааны танхимын дарга

Манай хоѐр орны газар зүйн алслагдсан байдлаас болж худалдаа эргэлт бага байгаа. Монгол Кубаас эм эмийн бэлдмэл, тансаг хэрэглээний сигар тамхи, ром дарс зэргийг бага хэмжээгээр оруулдаг. Гэвч цаашдаа худалдааг өргөжүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүнийг нээж олох бололцоо бий гэж үзэж байна. Куба улсын нийслэл Гавана хотод жил бүр зохиогддог олон улсын худалдааны үзэсгэлэн яармаг нь 1983 оноос зохиогдож буй бөгөөд зөвхөн Карибын тэнгисийн орнууд төдийгүй Латин Америкийн бүс нутагтаа томоохонд тооцогддог ажээ. Энэ жил Куба-АНУ-ын дипломат харилцаа 54 жилийн дараа сэргэсэнтэй холбогдуулан урьд онуудынхаас өргөн дэлгэр болов. Нийтдээ 60 гаруй орны 4500 орчим компани, ААН бараа бүтээгдэхүүнээ тавьж үзүүллээ, 150000 орчим бизнес болон бусад төлөөлөл оролцлоо.

Иймд Монгол-Кубын харилцаа, ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх үүднээс энэ удаагийн 11 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд болсон Гаванын олон улсын үзэсгэлэн яармагт Монголын бизнесийн төлөөллийг оролцуулах нь чухал ач холбогдолтой гэж ЭСЯ үзэж ажилласан.

-Куба улсын эрүүл мэндийн салбар хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг гэж болно. Монгол оюутнуудын хувьд шүдний эмчийн мэргэжил эзэмших чиглэлээр голдуу сурдаг юм билээ. Кубын анагаах ухааны ололт, амжилтаас суралцах талаар манай эрүүл мэндийн байгууллагууд ямар харилцаа холбоо тогтоож ажиллаж байна?

Кубын эрүүл мэндийн салбарын “Лабиофам” нэгдэл Монголтой байнгын холбоотой ажилладаг. Лабиофам нэгдэл нь Төрийн өмчит, санхүүгийн хувьд бие даасан томоохон компани бөгөөд 51 жилийн өмнө байгууллагдсан. Малын эм, вакцин, органик бүтээгдэхүүн, вифидум бактери, хорт хавдрын эсрэг эм зэргээрээ Латин Америкийн бүс нутагтаа төдийгүй дэлхийн хэмжээнд нэрд гарсан компани болно.

Элчин сайд Ц.Батбаяр Гаванын 2015 оны худалдааны үзэсгэлэн яармагийн нээлтэн дээр

БНКУ-ын Лабиофам нэгдэл нь дэлхийн хэд хэдэн улсад өөрийн үйлдвэртэй бөгөөд ялангуяа Ази тивд Вьетнам, БНХАУ, Шри-Ланка, Филиппин зэрэг улсуудад хамтарсан үйлдвэртэй.

Монгол Улстай байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд, мэрэгчдийн эсрэг биорат бэлдмэл, малын гаралтай цусан бүтээгдэхүүн боловсруулах, хорт хавдрын эсрэг эм нийлүүлэх зэргээр ихэвчлэн худалдааны чиглэлд хамтран ажиллаж байгаа бөгөөд эм, бэлдмэлийн хамтарсан үйлдвэрүүдийг Монгол Улсад байгуулах, лабораторийн нарийн түвшинд хамтарсан судалгааны баг ажиллуулах, эрдэмтэд, мэргэжилтэнүүд харилцан солилцох, туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах боломжтой.

Кубад сурч буй монгол оютнууд, ЭСЯ-ны зарим куба ажилчидтай хамт

-Манайхаас цөөн тооны монгол оюутан Куба улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Тэд голдуу ямар чиглэлээр суралцдаг юм бэ?

Куба Улсад нийтдээ 25 Монгол иргэн ажиллаж, амьдарч, суралцаж байна. Үүнээс 17 оюутан, 1 иргэн докторант-мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байна. Голдуу анагаахын чиглэлээр суралцдаг.

Оюутнуудын сурлагын дундаж үзүүлэлт 92.6 хувьтай байна. Кубын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 2 оюутанд анагаах ухааны мэргэжлийн хуваарь олгодог байсныг Кубын Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын яамны удирдлагатай удаа дараа уулзсны үр дүнд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 3 хуваарь авдаг болсон байгаа.

-Куба улс дэлхийд спортын амжилтаар гайхагддаг. Монгол-Кубын хооронд спорт биеийн тамирын хамтын ажиллагаа хэр өөдрөг байна вэ?

Монгол Улсын Засгийн газар, БНКУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд биеийн тамир, спорт, соѐл, аялал жуулчлалын салбаруудад тэргүүлэх ач холбогдол өгч ажилладаг. Энэ үүднээс 2014 оны 11-р сарын 10-ны өдөр Гавана хотноо “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соѐл, спорт, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Куба Улсын Биеийн тамир, спорт, чөлөөт цагийн үндэсний агентлаг хоорондын хэлэлцээр”-ийг байгуулжээ.

жүдо багийн тамирчидтай

Хэлэлцээрийн хүрээнд хоѐр орны спортын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах, харилцан айлчлал зохион байгуулах, 2016 оны Зуны Олимпийн наадам Бразил Улсад зохион байгуулагдах болсонтой холбогдуулан бокс, чөлөөт бөх, жудо, хөнгөн атлетик зэрэг спортын зарим төрлөөр олимпын өмнөх тэмцээнүүдийн хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, БНКУ-д Монголын бокс, чөлөөт бөх, волейбол, хөнгөн атлетикийн дасгалжуулагчдыг урт болон богино хугацаагаар сургах, бэлтгэх зэрэг олон олон боломжууд нээгдсэн байна.

Монгол Улс Олимпын 2 алт, нийт 24 медалтай, тэдгээрийн тоо болон чанарыг сайжруулахад хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ Кубын талаас албан ѐсоор уламжлав. Куба улс жүдо бөхийн олон улсын Гран при тэмцээнийг 2016 оны 1 дүгээр сард зохион байгуулахаар ажиллаж байна. Манай тамирчид энэ тэмцээнд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Кубын Соѐлын яамны дэд сайд Фернандо Рохас Гутиеррез

-Монголчууд Куба руу визгүй зорчдог. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

Кубын дэлхийд алдартай Варадеро амралт, зугаалгын бүс нь Кубын Матанзас мужийн Хикакос-ийн хойгт байрлах нийт эргийн урт 30 км, наран шарлагын эргийн урт нийт 22 км, Гавана хотоос 130 км-д оршино. Тус хойгт одоогийн байдлаар 150 орчим зочид буудал, 1 олон улсын нисэх онгоцны буудал үйл ажиллагаа явуулж байна.

Куба улсад жилдээ 5.0 сая жуулчин хүлээн авах чадалтай бөгөөд тэдгээрийн 45 хувийг Варадеро дангаараа хүлээн авдаг болно. Варадеро амралтын бүс цав цагаан элс, номин хөх ус бүхий наран шарлагын эргээрээ дэлхийд алдартай.

Сүүлчийн жилүүдэд Монгол, Кубын хооронд иргэдийн харилцан зорчих явдал нэмэгдэж байна. Кубын аялал жуулчлалын яамны албаны хүмүүстэй уулзахад Кубын хилээр Монголоос ирж буй жуулчид болон Кубын зах зээл, бизнесийн орчныг судлан танихыг хүссэн хувийн хэвшлийнхэний тоо нэмэгдсэн талаарх судалгааг танилцуулав.

Монгол, Куба иргэд хоорондоо гэр бүл болох явдал байна, түүнчлэн Монгол Улсад зочлох болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг хүссэн Куба иргэдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн дүнтэй байна. Энэ нь ЭСЯ дээр биечлэн ирж уулзах, визийн материал бүрдүүлэх, виз хүсэх зэрэг нь олшров.

Кубын Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалтын яамны тэргүүн дэд сайд ноѐн Антонио Карриканте

2015 оны сүүлчээс эхлэн Хятадын АйрЧайна агаарын зорчигч тээврийн компани Бээжин-Гавана-Бээжин чиглэлийн шууд нислэг үйлдэж эхлэхээр зарлагдаад байна. Мөн Туркийн Туркиш Айрлайнз компани нь Истанбул-Гавана-Истанбул чиглэлийн эрх авахаар Кубын талтай яриа хэлэлцээ хийж байна.

Гавана болон бусад хотуудад иймэрхүү төрлийн шууд нислэгийн тоо нэмэгдэх тусам Монголоос аялал жуулчлал хийх иргэдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй юм.

-АНУ-аас Кубын эсрэг явуулж буй худалдааны хориг арга хэмжээ нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Гэхдээ хоѐр улс харилцан Элчин сайдын яамдаа нээсэн нь харилцаагаа сайжруулахад бага ч ахиц авчирсан байх.Ер нь үүнээс хойш нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна. Энэ талаар сүүлийн үеийн мэдээлэл өгнө үү?

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Жон Керри 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Куба улсад албан ѐсны айлчлал хийж, Гаванад АНУ-ын ЭСЯ-ыг дахин сэргээн нээсний ѐслолд оролцов. Өмнө нь Вашингтонд Кубын ЭСЯ-ны нээлтийн ѐслолын ажиллагаа 7 дугаар сарын 20-ны өдөр болж, Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригез Парилла очиж оролцсон билээ. Жон Керригийн айлчлал хоѐр орны хооронд дипломат харилцааг 54 жилийн дараа албан ѐсоор дахин сэргээж, хоѐр улсын нийслэлд харилцан ЭСЯ-аа дахин нээж, Элчин сайд нараа харилцан суулгасан үйл явдлыг илэрхийлсэн түүхэн айлчлал болов.

АНУ-ын ТНБД Жон Керри, Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригез нар “Националь” зочид буудалд хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэв. Бруно Родригез хэлсэн үгэндээ хоѐр тал өнгөрсөн 50 жилийн турш хуримтлагдсан асуудлууд, түүний дээр байгаль орчныг хамгаалах, эрүүл мэнд, шинжлэх ухааны солилцоо, хууль сахиулах зэрэг шинэ асуудлыг хэлэлцэхийн тулд хамтарсан ажлын хэсэг байгуулах болно гэж мэдэгдэв. Түүнчлэн тэрээр АНУ-тай харилцааг хэвийн болгохдоо кубын тал бие биеийн дотоод хэрэгт үл оролцох, Кубын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ямарваа нэг хохиролгүй харилцан хүндэтгэсэн, тэгш эрхийн үндсэн дээр ажиллах болно гэдгээ цохон тэмдэглэв.

Кубын КН-ын төв хэвлэл “Гранма” сонин 8 дугаар сарын 14-ний дугаартаа “Өнгөрснийг мартахгүйгээр ирээдүйг бий болгох сорилт” гэсэн өгүүлэл нийтлүүлэв.

Жон Керри ЭСЯ нээх ѐслолын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ испани хэлээр “Одоо бид дайсны хувьд биш харин хөршүүдийн хувьд бие биетэйгээ хамтран ажиллах цаг ирлээ” гэж хэлснийг “Гранма” онцлоод, “өнгөрснийг үл мартан”, ялангуяа “чөлөөт эх орондоо АНУ-ын далбаа хийсэхийг харах эрх олж авсан 11 сая кубачуудын эрх ашгийг хохироохгүйгээр” цаашдын ирээдүйг яаж бий болгох асар том сорилт учирч байна гэж бичжээ.

-Куба гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа саяхан баталсан, бүтээн байгуулалтын ямар томоохон төслүүд хэрэгжиж байна вэ?

Кубын Үндэсний Ассамблей 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-ийг соѐрхон баталж 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Шинэчлэгдэн батлагдсан хуулийн хүрээнд батлан хамгаалахаас бусад бүх салбарт гадаадын хувь хүн, хуулийн этгээд нээлттэй, чөлөөтэй үйл ажиллагаа явуулж болохоор болж байна. Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулагчдад хуулийн болон санхүүгийн хүрээнд баталгаа гаргаж байгаа нь хөрөнгө оруулалтын орчныг таатай, найдвартай болгосон гэж үзэж байна.

Кубын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаад худалдааг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах үйлдвэрүүдийг байгуулах, шинэ, шилдэг технологи нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Куба Улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг нь “Мариелын эдийн засгийн хөгжлийн тусгай бүс” төсөл болно.

Мариел усан боомт нь Гавана хотоос 40 км зайтай, АНУ-д хамгийн ойр байрлах усан боомт (1962 оны Карибын хямралын үеэр Зөвлөлтийн усан цэргийн флот байрлаж байсан) юм. Кубын Засгийн газраас тус боомтыг түшиглэн эдийн засгийн хөгжлийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэсэн.

Төслийн хэлэлцээрийг Куба Улсын Засгийн газар, Бразил Улсын Засгийн газар хооронд 2010 онд байгуулсан бөгөөд барилга, бүтээн байгуулалтын ажлыг 2011 онд эхлүүлсэн.

Эдийн засгийн тусгай бүс нь 465.4 км2 талбайг хамрах, нийт өртөг 1.1 тэрбум ам.доллар бөгөөд Мариел боомт, ачих буулгах цогцолбор, аж үйлдвэрийн парк, худалдаа, амралт, аялал жуулчлалын чөлөөт бүсээс бүрдэнэ.

ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН, 2015.11.19

Contact us

MDRC - Mongolian Development Research Center

  • Hot line: (976-11) 315686

Connect with us

We're on Social Networks. Follow us & get in touch.